Солонгос улсад сурах, ажиллах эсвэл удаан хугацаагаар амьдрахаар анх очиход шийдэх зүйл цөөнгүй гарна.
Утасны дугаар авах, цэнхэр үнэмлэхээ авах, банкны данс нээлгэх, байр олох, тээвэр, хоол хүнсээ шийдэх гээд эхний хэдэн долоо хоногт хэрэг болох үндсэн мэдээллийг нэг дор багцаллаа.
1. Цэнхэр үнэмлэхээ авах
БНСУ-д 90 хоногоос дээш хугацаагаар амьдрах гадаадын иргэн хил нэвтэрснээс хойш 90 хоногийн дотор гадаадын иргэний бүртгэл хийлгэх шаардлагатай байдаг.
Бүртгэлээ оршин суугаа газрынхаа харьяа Цагаачлалын албанд хийлгэнэ. Очихоосоо өмнө HiKorea цахим хуудсаар цаг авч, өөрийн визний төрөлд шаардлагатай материалыг шалгахыг завлье. Ихэвчлэн гадаад паспорт, цээж зураг, оршин суугаа хаягаа нотлох бичиг баримт болон визний төрлөөс хамаарах нэмэлт материал шаардлагатай болдог.
Бүртгэл хийлгэсний дараа Гадаадын иргэний үнэмлэх буюу “Цэнхэр үнэмлэхээ” авах бөгөөд ихэвчлэн хүсэлт өгснөөс хойш 2 долоо хоног орчим хугацаа шаардагдана. Тухайн салбарын ачааллаас шалтгаалан энэ хугацаа бага зэрэг өөр байж болно.
Энэ үнэмлэх нь цаашдаа банкны данс, утасны дугаар, олон төрлийн цахим үйлчилгээ авахад хэрэг болдог. Гадаад паспорт, виз, Гадаад иргэний үнэмлэхнийхээ зураг болон цахим хувилбарыг гар утас дээрээ өөрт ойрхон хадгалахыг зөвлье.
2. Солонгос утасны дугаартай болох
Солонгост амьдрахад өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар өдөр тутмын олон үйлчилгээнд хэрэг болдог. Банкны баталгаажуулалт, хүргэлт, цахим худалдаа, аппын бүртгэл зэрэгт утасны дугаар ашиглах нь түгээмэл.
Дөнгөж очсон үедээ урьдчилсан төлбөрт сим карт эсвэл цахим сим ашиглаж болно. Харин оршин суух үнэмлэхээ авсны дараа өөрийн нэр дээр дугаар нээлгэвэл өдөр тутмын үйлчилгээнүүдээ ашиглахад илүү амар.
Солонгосын томоохон операторууд нь:
- SK Telecom
- KT
- LG U+
Мөн эдгээр операторын сүлжээг ашигладаг, сарын төлбөр харьцангуй хямд үйлчилгээ үзүүлэгчид олон байдаг.
Үнэ, дата, гэрээний хугацаа болон гадаад иргэнд тавих шаардлагыг харьцуулж, өөрийн хэрэглээнд тохирох багцаа сонгоорой. Хэлний асуудал гарвал монгол хэлээр үйлчилгээ үзүүлдэг утасны дэлгүүр, үйлчилгээний цэгүүдийг хайж болох юм.
3. Банкны данс нээлгэх
Солонгост удаан хугацаагаар амьдрах бол банкны данстай болчихвол өдөр тутмын амьдрал илүү хялбар болно. Цалингаа авах, түрээсээ төлөх, картаар худалдан авалт хийх, интернет банк ашиглах зэрэг санхүүгийн ихэнх хэрэгцээгээ өөрийн дансаар шийдэх боломжтой.
Солонгост өргөн хэрэглэгддэг томоохон банкуудаас KB Kookmin Bank, Shinhan Bank, Woori Bank, Hana Bank зэргийг сонгож болно. Банк бүрийн үйлчилгээ, гадаад иргэнд тавих шаардлага бага зэрэг ялгаатай тул өөрт ойр салбар, хэлний дэмжлэг болон ашиглах үйлчилгээгээ харьцуулж сонгоорой.
Данс нээлгэхэд гадаад паспорт, Гадаад иргэний үнэмлэх, Солонгос утасны дугаар хэрэгтэй бөгөөд зарим банк оюутны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг нэмэлт материал шаарддаг.
Мөн данс нээлгэхдээ дебит карт, интернет банкны үйлчилгээгээ хамт нээлгэвэл цаашдын хэрэглээнд илүү амар.
Банкны салбарууд ихэвчлэн ажлын өдрүүдэд 09:00–16:00 цагт ажилладаг. Харин Монгол хэлээр үйлчилгээ авах хэрэгцээтэй бол Woori Bank зэрэг зарим банкны гадаад иргэдэд зориулсан хэлний дэмжлэгтэй салбар, үйлчилгээ байгаа эсэхийг урьдчилан шалгахад илүүдэхгүй.
4. Байр хайхдаа анхаарах зүйлс
Солонгост байр хайхад хамгийн түгээмэл таарах хоёр түрээсийн хэлбэр нь 월세 (вольсэ) болон 전세 (жонсэ) юм.
월세 (вольсэ) — тодорхой хэмжээний барьцаа төлөөд сар бүр түрээс төлдөг хэлбэр.
전세 (жонсэ) — их хэмжээний мөнгийг барьцаанд байршуулж, гэрээний хугацаа дуусахад буцаан авдаг түрээсийн хэлбэр.
Байрны зар дээр мөн дараах нэршлүүд түгээмэл таарна:
- 보증금 — барьцаа
- 관리비 — байрны ашиглалтын зардал
- 부동산 — үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газар
Байрны нийт зардал нь зөвхөн сарын түрээсээр хязгаарлагдахгүй. Барьцаа, ашиглалтын зардал, ус, цахилгаан, халаалтын төлбөр тусдаа тооцогдох тохиолдол байдаг тул зар болон гэрээний нөхцөлийг бүтнээр нь харах нь хэрэгтэй.
Түрээсийн гэрээ, барьцаа болон бусад төлбөрийн баримтаа нэг дор хадгалж хэвшвэл дараа нь төлбөр, гэрээний нөхцөлөө харахад илүү амар байдаг.
5. Тээвэр, хүнсээ хаанаас шийдэх вэ?
Солонгост нийтийн тээвэр сайн хөгжсөн тул өдөр тутам автобус, метрогоор зорчиход хялбар. T-money зэрэг тээврийн картыг хоёуланд нь ашиглаж болох бөгөөд метроны буудал, CU, GS25, 7-Eleven, emart24 зэрэг сүлжээ дэлгүүрээс авч болно.
Автобуснаас буухдаа картаа дахин уншуулах хэрэгтэй. Ингэснээр дараагийн автобус эсвэл метронд дамжин суух хөнгөлөлт зөв тооцогдоно.
Хүнс, ахуйн бараагаа Emart, Lotte Mart, Homeplus зэрэг томоохон супермаркетаас авах боломжтой. Харин өдөр тутмын жижиг хэрэгцээнд CU, GS25, 7-Eleven, emart24 зэрэг сүлжээ дэлгүүрүүд ойр, хүртээмжтэй.
Мөн очсон эхний өдрүүдэд банкны данс, картаа бүрэн шийдэх хүртэл тээвэр, хоол болон жижиг зардалдаа ашиглах бага хэмжээний бэлэн вон авч явахад тохиромжтой.
6. Хэрэг болох аппууд
Солонгост өдөр тутам хэрэг болох аппуудаас дурдвал:
Газрын зураг: Naver Map, Kakao Map
Метро, автобусны чиглэл харах, алхах замаа олох, дэлгүүр, ресторан хайхад хэрэгтэй.
Харилцаа: KakaoTalk
Сургууль, ажил болон өдөр тутмын харилцаанд өргөн хэрэглэгддэг.
Орчуулга: Papago
Солонгос хэлний текст, зураг, яриаг орчуулахад тохиромжтой.
Такси: Kakao T
Такси дуудах, очих газраа урьдчилан оруулахад ашиглана.
Хоол хүргэлт: Baemin, Coupang Eats
Ойр орчмын ресторан, хоолны газраас хүргэлтээр захиалга хийхэд.
Цахим худалдаа: Coupang
Хүнс, ахуйн бараа болон өдөр тутмын хэрэгцээний бүтээгдэхүүн захиалахад өргөн хэрэглэгддэг.
7. Мөнгөн гуйвуулга
Солонгост амьдрахад Монголоос мөнгө авах, гэр бүл рүүгээ мөнгө илгээх зэрэг мөнгөн гуйвуулгын хэрэгцээ үе үе гардаг.
SendMN-ээр Солонгосоос Монгол руу, мөн Монголоос Солонгос руу гар утаснаасаа хялбар, шуурхай, хэмнэлттэй мөнгө шилжүүлэх боломжтой. Шилжүүлэг хийхээсээ өмнө тухайн үеийн ханш, шимтгэл болон гүйлгээний нөхцөлийг SendMN аппаас харах боломжтой.
8. Мэдвэл зохих үгс
Солонгос хэл сайн мэдэхгүй байсан ч өдөр тутамд хэрэг болох хэдэн үгийг мэдээд авахад харилцахад илүү амар.
안녕하세요 (аннёнхасэё): Сайн байна уу
감사합니다 (камсахамнида): Баярлалаа
죄송합니다 (жвэсонхамнида): Уучлаарай
얼마예요? (олмаеё?): Хэд вэ?
카드 돼요? (кады двэё?): Картаар төлж болох уу?
화장실 어디예요? (хважаншил одиэё?): Ариун цэврийн өрөө хаана вэ?
도와주세요 (дуважусэё): Туслаарай
9. Хадгалаад авахад хэрэгтэй дугаарууд
112: Цагдаа
Гэмт хэрэг, халдлага болон цагдаагийн яаралтай тусламж шаардлагатай үед.
119: Түргэн тусламж, гал түймэр
Эмнэлгийн яаралтай тусламж болон гал түймрийн үед.
1345: Гадаадын иргэн, цагаачлалын мэдээллийн төв
Виз, оршин суух бүртгэл, зөвшөөрөл болон Солонгост амьдрахтай холбоотой мэдээлэл авахад ашиглана. Монгол хэлээр зөвлөгөө авах боломжтой.
1330: Солонгосын аялал, мэдээллийн тусламжийн төв
Тээвэр, газар орны мэдээлэл болон орчуулгын тусламж авахад.
БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ: 02-798-3464
Консулын асуудлаар 02-798-1950 дугаарт холбогдох боломжтой.
Солонгост анх очиход мэдэхгүй зүйл олон санагдаж болох ч үндсэн хэрэгцээнүүдээ нэг нэгээр нь шийдээд эхлэхэд өдөр тутмын амьдрал хурдан жигдэрдэг.
Утас, банк, байр, тээвэр, мөнгөн гуйвуулга зэрэг хамгийн хэрэгтэй зүйлсээ урьдчилан мэдээд авчихвал шинэ орчиндоо дасахад илүү амар.
Энэхүү нийтлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой. Үйлчилгээний нөхцөл, шаардлага нь визний төрөл болон байгууллагаас шалтгаалан өөр байж болох тул хамгийн сүүлийн мэдээллийг албан эх сурвалжаас шалгаарай.