Sendmn Logo

Шенгений бүс гэж юу вэ? Европ руу зорчихын өмнө мэдэх зүйлс

July 24, 2026

SharePost
Шенгений бүс гэж юу вэ? Европ руу зорчихын өмнө мэдэх зүйлс

Хэрэв та Европт амьдрах, суралцах, ажиллах эсвэл аялахаар төлөвлөж байгаа бол “Шенгений бүс” гэдэг нэршлийг өмнө нь сонсож байсан байх. Гэхдээ Шенгений бүс гэж яг юу вэ? Ямар улсууд багтдаг вэ? Хэрхэн Шенгений виз мэдүүлэх вэ?

Шенгений бүсийн талаар үндсэн ойлголттой болсноор Европ руу зорчих, виз мэдүүлэх, цаашлаад суралцах, ажиллах, амьдрахаар төлөвлөхөд тань хэрэг болно.

Шенгений бүс гэж юу вэ?

Шенгений бүс нь хоорондын дотоод хил дээрх байнгын хилийн шалгалтаа халсан Европын орнуудыг хамарсан бүс юм.

Та Шенгений бүсэд хууль ёсоор нэвтэрсэн бол гишүүн орнуудын хооронд зорчих бүрдээ паспортын шалгалтаар орох шаардлагагүй. Тухайлбал, Германаас Франц руу, Францаас Бельги рүү зорчиход ерөнхийдөө хил дээр дахин паспорт шалгуулахгүй гэсэн үг.

Гэхдээ улс орнууд шаардлагатай тохиолдолд хилийн хяналтыг түр хугацаанд сэргээх боломжтой тул гадаад паспорт болон шаардлагатай бичиг баримтаа биедээ авч явах нь зүйтэй.

2026 оны байдлаар Шенгений бүсэд 29 улс багтаж байна.

Шенгений бүсэд ямар улсууд багтдаг вэ?

Одоогийн байдлаар Шенгений бүсэд дараах 29 улс багтаж байна:

Австри, Бельги, Болгар, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Норвеги, Польш, Португал, Румын, Словак, Словени, Испани, Швед, Швейцар.

Шенгений бүс болон Европын Холбоо нь ижил ойлголт биш. Тухайлбал, Исланд, Норвеги, Швейцар, Лихтенштейн нь Европын Холбооны гишүүн биш ч Шенгений бүсэд багтдаг.

Улсуудын хамгийн сүүлийн үеийн жагсаалт болон дэлгэрэнгүй мэдээллийг Европын Комиссын Шенгений бүсийн албан ёсны хуудаснаас харах боломжтой.

Шенгений визээр хэр удаан зорчих боломжтой вэ?

Монгол Улсын иргэн богино хугацааны Шенгений визээр визний нөхцөлөөс хамааран 180 хоногийн хугацаанд нийт 90 хүртэл хоног Шенгений бүсэд зорчих боломжтой.

Энд анхаарах гол зүйл нь 90 хоногийг улс тус бүрээр бус, Шенгений бүсэд өнгөрүүлсэн нийт хугацаагаар тооцдог.

Жишээлбэл, та Германд 30 хоног, Францад 20 хоног, Италид 40 хоног байсан бол Шенгений бүсэд нийт 90 хоног зорчсон гэж тооцно.

Шенгений бүсэд хэдэн хоног байх боломжтойгоо тооцоолохыг хүсвэл Европын Комиссын албан ёсны Short-Stay Calculator-ыг ашиглаж болно.

Европт суралцах, ажиллах, амьдрахаар төлөвлөж байгаа бол

Богино хугацааны Шенгений виз нь Европт удаан хугацаагаар амьдрах, суралцах эсвэл ажиллах эрх олгодоггүй.

Хэрэв та Европын аль нэг улсад их, дээд сургуульд суралцах, ажилд орох эсвэл удаан хугацаагаар амьдрахаар төлөвлөж байгаа бол тухайн улсын шаардлагад нийцсэн урт хугацааны виз эсвэл оршин суух зөвшөөрөл авах шаардлагатай.

Виз болон оршин суух зөвшөөрлийн нөхцөл улс бүрд өөр байдаг тул зорчих гэж буй улсынхаа Элчин сайдын яам, консулын газар эсвэл цагаачлалын байгууллагын албан ёсны мэдээллийг заавал шалгаарай.

Харин Шенгений бүсийн аль нэг улсад хүчинтэй урт хугацааны виз эсвэл оршин суух зөвшөөрөлтэй бол холбогдох журмын дагуу бусад Шенгений орнуудаар богино хугацаагаар зорчих боломжтой.

Шенгений визээ аль улсаас мэдүүлэх вэ?

Хэрэв та хэд хэдэн Шенгений улсаар аялахаар төлөвлөж байгаа бол ерөнхийдөө хамгийн удаан хугацаагаар байх буюу аяллынхаа үндсэн зорчих улсын визэнд мэдүүлнэ.

Жишээлбэл, Герман, Франц, Италиар аялахдаа хамгийн олон хоногийг Германд өнгөрүүлэх бол Германы талаас Шенгений визээ мэдүүлнэ.

Харин хэд хэдэн улсад ижил хугацаагаар байх бол аль улсын визэнд мэдүүлэхийг аяллын маршрутаасаа хамааран тодорхойлдог. Дэлгэрэнгүй мэдээллийг Шенгений виз мэдүүлэх албан ёсны заавраас шалгаарай.

Монголоос Шенгений виз хэрхэн мэдүүлэх вэ?

Европын хэд хэдэн улсын визний материалыг Монголд VFS Global-аар дамжуулан хүлээн авдаг. Ямар материал бүрдүүлэх, хэрхэн цаг авах зэрэг нь зорчих улс болон визний төрлөөс хамаарч өөр байна.

VFS Global-ийн албан ёсны сайтаас зорчих улсаа сонгон виз мэдүүлэхтэй холбоотой мэдээллээ шалгах боломжтой.

Европ, Монгол хооронд мөнгө шилжүүлэх

Европт сурч, ажиллаж, амьдрах үед Монгол руу мөнгө илгээх эсвэл Монголоос мөнгө авах хэрэгцээ цөөнгүй гардаг.

Энэ үед SendMN апп ашиглан Европоос Монголын бүх банкны данс руу мөнгө илгээхээс гадна Монголоос Европ руу мөн шилжүүлэг хийх боломжтой.

Ингэснээр та Европ, Монголын хооронд мөнгөө хурдан, найдвартай, хялбараар шилжүүлэх боломжтой.

Category: